“Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж уриалгад Соёл, урлагийн байгууллагууд нэгдэж байна.
2022-10-18
“Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор, УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн Байгууллага, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан юм.
Чуулганаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарч, хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, манлайлалтай ажиллахаа амлан, тодорхой уриалгуудыг дэвшүүлсэн.
Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Соёлын дэд сайд М.Батбаяр салбарын хэмжээнд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг танилцуулсан бөгөөд соёл, олон нийтийн арга хэмжээн дэх хүүхдийн хөгжил, хамгааллын талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж уриалга гаргаж, амлалт өгсөн юм.
Тэдгээр уриалга, амлалт нь:
“1. Хөшиг нээгдэх бүрд – Хүргэх нэг үг
Соёл урлагийн үзвэр үйлчилгээ бүрийн эхэнд Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд үүргийг сануулсан уриалга хүргэж хэвшинэ.
2. Хүүхэд хөгжлийн 1 хувь
Соёл урлагийн үзвэр үйлчилгээний байгууллага нь худалдаалагдсан тасалбарын орлогын 1 хувийг өөрийн байгууллагын хэмжээнд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тодорхой үр дүнд хүрэхүйц төсөл, арга хэмжээнд зарцуулна” гэж заасан.
Энэхүү амлалт, уриалгыг улс орон даяар 21 аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газрууд, харьяа соёл урлагийн байгууллага, театр, чуулга, музей, нийтийн номын сан болон соёлын төв, орднууд хэрэгжүүлж эхэллээ.
# Сэдвүүд
онцлох мэдээ