АХМАДЫН ДУУЛАХ ӨДӨР-“ДУУН ЦЭНГҮҮН” АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2022-10-18

Говьсүмбэр аймгийн нийтийн цэнгээнт бүжгийн “ХОС ЭГШИГЛЭН” холбоо нь нийгмийн соён гэгээрлийн олон ажлыг санаачлан зохион байгуулдаг төрийн бус байгууллага билээ. Энэ удаад аймгийн ЗДТГазрын Нийгмийн Бодлогын Хэлтэс, Соёл урлагийн газар, УУЖС Политехник коллеж, дуу, бүжгийн “Боржигин” чуулга, Баянтал, Шивээговь сумын Соёлын төвүүдтэй хамтран аймгийнхаа ахмадуудад зориулсан “ДУУН ЦЭНГҮҮН”-ийг анх удаа амжилттай зохион байгууллаа. Тус соёлын үйл ажиллагаанд Говьсүмбэр аймгийн 300 орчим ахмадууд уригдан оролцож ая дуугаа өргөв. Олон “Азтай үзэгч”-ийг шалгаруулсан бөгөөд азтаны мөнгөн шагналыг аймгийн ИТХурлын гишүүн Э.Энх-Орчлон ивээн тэтгэж, мөн бусад гарын бэлэг шагналыг “Дугуй” супермаркет, “Боржигин голомт” ТББ, “Амуутай” маркет, “Говийн сондор” ХХК, “Чамин амт”, “Титэм” чиккен пиццаны газар ивээн тэтгэж оролцжээ. Манай аймгийн шилдэг уран бүтээлчид ахмадууддаа зориулсан ая дуу, бүжгийн урлагийн тоглолтыг өргөн барьлаа. “Хос эгшиглэн” холбоо нь үүдний тайз заслаас эхлээд ахмадуудынхаа залуу цаг үеийн гэрийн тохижилтоор засаж, “Хүмүүн төрөлхтөн”, “Задгай цагаан” зэрэг бүжгийн аянд жигд хувцаслан бүжиглэсэн нь өвөрмөц байлаа. Аймгийн Засаг даргын нийгмийн арга хэмжээний хөтөлбөрт тусган цаашид ахмадууддаа болон залуустаа зориулсан “Дуун цэнгүүн”-ийг зохиож байхаар төлөвлөж байна. Ахмадууд маань авъяасаа үзүүлж дуулж, бүжиглэж, эрч хүчтэй цоглог байлаа. Эрхэм ахмадуудаа хүндэтгэн баярлуулсан Говьсүмбэр аймгийнхаа нийгмийн соёл гэгээрлийн төлөө шинийг санаачлагч нийтийн цэнгээнт бүжгийн “ХОС ЭГШИГЛЭН” холбоондоо уран бүтээлийн амжилт хүсэж талархал илэрхийлье.

# Сэдвүүд
онцлох мэдээ