Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуулалт жүжгийн мастер хөгжмийн зохиолч, удирдаач, “Гэгээн муза” наадмын хошой шилдэг хөгжмийн зохиолч Содномын ДАШНЯМ-ын уран бүтээлийн тоглолт Говьсүмбэр аймгийн дуу бүжгийн Боржигин чуулгын тайзнаа 2023.12.01 өдөр тайзны баялаг хөтөлбөртэй, үзэгчид дүүрэн алга ташилттай, уригдан ирсэн алдар гавьяатнуудтай 50 гаруй жил бүтээн тууривсан хөг эгшгийн шилмэл бүтээлүүд үзэгчдийн сонорыг мялаалаа. Гавъяат маань Дуу бүжгийн Боржигин чуулгын энэ жилийн Өвөл цагийн үзвэрийн тоглолтууд “Бодончар сэцэн” “Боржигин сэцэн” “Сэцэн чин ван” түүхэн гурамсан дуулалт жүжгүүдийн хөгжмийн зохиолч төдийгүй олон арван хөгжим, дууны бүтээлүүдийг бид бүхэнд туурвиж, ажил амьдралынхаа нэлээд хэсгийг Говьсүмбэр аймгийн соёл урлагт зориулсан эрхэм гавьяатан билээ.
Тоглолтын эхлэл хэсэгт -Утга төгс, уянга яруу дуулалт жүжгүүдийн хэсгээс хүргэж
Дунд хэсэгт -Эгшиг төгс аялгуут дуунууд нь үргэлжлэн
Төгсгөл хэсэгт – Өнө мөнхөд дуурсахуй хэмээх томоохон бүтээлүүд нь жим татуулан эгшиглэлээ.
Тоглолтод: Гавьяат багшийн үе тэнгийн найз алдар цуутангууд, өөрийн шавь алдар хүндтэй гавьяатууд, өсөж төрсөн Хөвсгөл нутгийн төлөөлөл, үүсгэн байгуулалцаж байсан Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын төлөөлөл мөн өдгөө ажиллаж амьдарч буй Говьсүмбэр аймгийн удирдлагууд, болон Боржигин чуулгын хамт олон оролцож тайзнаа хүндэтгэл үзүүллээ. Мөн Говьсүмбэр аймгийн Соёл, урлагийн газрын дарга Б.Энхтөр хамт олноо төлөөлөн тусгайлан баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.
УГЗ хөгжмийн зохиолч С.Дашнямын сэтгэл оюунаа чилээн тууривсан том бүтээлүүдийг дурдвал:
Хөгжимт драмын жүжгүүд:
1. Б.Лхагвасүрэнгийн цомнол “Үлэмжийн чанар”
2. Ш.Гүрбазарын цомнол “Хар сүлдний дууль”
Дуулалт жүжгүүд:
1. Н.Очирбатын цомнол “Эрүү цагаан болжмор”
2. Ц.Балгансүрэнгийн цомнол “Сийлэн бор”
3. Д.Төрбатын цомнол “Бурханы гар утас” /модерн/
4. Б.Лхагвасүрэнгийн цомнол “Элсний хатан”
5. Д.Төрбатын цомнол “Бодончар сэцэн”
6. Д.Төрбатын цомнол “Боржигин сэцэн”
7. Р.Батжаргалын цомнол “Сэцэн чин ван”
8. Х.Шонхорын цомнол “Ариусахуй нигүүлсэхүй”
Хүүхдэд зориулсан дуулалт жүжгүүд:
1. Д.Содномдоржийн цомнол “Навсай Дамба ба түүний нөхөд”
2. С.Надмидийн цомнол “Нарны хаан хүүхдүүд” /модерн/
3. Х.Шонхорын цомнол “Би Босс Бооёо”
Х.Шонхорын Цомнол “Эр хонины хурга” опперетта зэрэг дуун, дуулалт, хөгжимт драмын жүжгүүдийн хөгжимүүдийг зохиосон билээ.